Ёс мэддэггүй хүнд ёр халддаг юм билээ
Ний нуугүй хэлэхэд би хаягдсан эмэгтэй хүн билээ. Өдий хорин хэд наслахдаа элдэв бусын юм зөндөө л үзсэн, гэхдээ ингэж эвгүй хаягдсан удаагүй. Хаягдсаныхаа дараа олон ч шөнө уйлж унжсан. Найз нөхөддөө зовлонгоо ярьхаар дуракууд чинь битгий худлаа ярь гээд байдын. Тийм юм гэж юу байсын, чи бас хүний өөдөөс уйлж байгаад бүлтэрч сурчээ гээд л… Нэгэнт л сонссон хүн итгэхгүй битгий худлаа ярь гээд байдаг юм чинь, энэ худалч хүүхдүүдтэй нийлж, үнэн бүлтэрч, бурахад яахав дээ.
Үнэнийг хэлэхэд би блог хэсч яваад ийм уралдаан зарласан бураачдыг олоод өрөөсөн дугуйгаа гээгээд эргээд олж байгаа тэрэг шиг л баярласан билээ. Залуутайгаа намрын дунд сарын шинийн 17-ны билигт сайн өдөр гал голомтоо бадраахаар төлөвлөж, түүнээс урьтаж нутаг усныхантай нь золгоё юу хэмээн, мал амьтан тарга тэвээрээ авч, сааль сүү ид сагасан, намрын налгар цагаар очсон бөлгөө. Шинэхэн бэр энээ тэрээ гээл ихэд хөөрцөглөж найр наадам зохиосын.
Чухам л энэ найр наадмын үеэр болсон үйл явдал намайг энэ блогд өөрийн бичлэгээ илгээхэд хүргэсэн билээ. Би ч үнэндээ ёс мэддэггүй хүн. Үүнээс болоод хамаг хэрэг мандсын.
Мэнд усаа мэдэлцсэний дараа найр наадам эхэлж, зоогийн ширээн дээр мах чанаад тавихаар нь ахмадуудтай нь зэргэцээд дал, ууц нуруунаас нь булаалдаад байлтай биш гээд нэг чөмөг аваад зургаагаадахсан чинь шаант чөмөг түрүүлж авч идлээ, наадахыг чинь харц ядуус, дорд гаралтай хүний хүртдэг гүнцэг гээд гарал угсаагаараа “гологдов”.
Тэхээр нь бантсандаа би тэгүүл гээд хажуу тийшээ харсан чинь нэг миний үеийн хүүхэнд нуруу идэж байна. Түүнийг нь мэдэхгүй тэрийг гээд заатал аль нь? гэхээр нь яагаав тэр онгоц шиг 2 далавчтай гээд гараа алдлаад дүрслээд үзүүлсэн чинь тэр гэрт байсан залуучууд нь манийгаа шоолж хөхрөлдөөд, авгай нар нь хялалзаж, нөгөө сүйт залуу, хадам болох хүмүүс нь нүүр нь улайж ёлтойгоод, хөгшид нь зандраад би гэдэг хүн сүйд болж гараад гүйчив.
Тэгсэн харин хажуу жижиг гэрт хүүхдүүд сууж байна. Нөгөө найран дээр гаргасан хониныхоо гэдэс дотрыг чанаад тэдэнд өгч. Би ч тэгээд угийн хоол голдоггүй, олдож л байвал идэх юмыг ходоодруугаа хийж л байдаг хойно идэж сурснаараа, тэгээд арай гайгүй мэддэгээрээ онжиго-г нь аваад л идлээ. Тоосон ч үгүй, дахиад идлээ. Гоё амттай байсым чинь. Тэгсэн харин гай болж тэрийг нь тэр хавьдаа хэл амтай, ямар ч үгийг хов жив болгоод ургуулан дэлгэрүүлэх чадвараараа алдартай нэг авгай олоод харчдымдаа. Үнэндээ миний мууг үзэх гэж араас гарсан нь тэр байж л дээ.
Тэгээд баларсөөн. Залуу хүүхэн байж хамгийн түрүүнд гургалдай авч иддэг яасан сул хормойтой, хөнгөн явдалтай хүүхэн бэ, тэгээд тэрийгээ олны нүднээс далдуур үйлддэг гээд бөөн хэл аманд ордог гэжийшд. Ийнхүү гарал угсаа, ёс жудаг, цэвэр ариунаараа /сайхан амттай ч гэсэн тэр гургалдай чинь олны дунд залуу эмэгтэй хүний хүртэх зоог биш юм билээ шүү, хүүхнүүдээ/ гологдож, хаягдсан явдал болсымдаа.
Ядаж тэр нурууг нь далавч ургуулж, онгоцтой зүйрлээгүй бол, жавжийг нь уруул гээгүй бол, чимээгүйхэн шиг сууж байгаад огтолныг нь хүртсэн бол, тэгээд олдсоныг нь гололгүй иддэг зангүйсан бол юу гэж тэр онжиго энээ тэрээг түрүүлж авч идэх вэ дээ.
Хотын маниус чинь тэгээд өвгөд хөгшдийнхөө эртнээс уламжлан тогтоож ирүүлсэн тэр сүрхий ёс горим, хэв жудгийг нь мэдэхгүй, дэндүү “соёлжсон соёлгүйчүүд” юм билээ.





Сэтгэгдэлүүд:
хээг хээг
Сэтгэгдэл үлдээх: